Өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байна

Ердөө 2026 оны эхний гурван сарын байдлаар 243 хүүхэд эмийн хордлогод өртсөн гэх цочирдом мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) гаргажээ. Хамгийн харамсалтай нь, эдгээр хордлогын дийлэнх хувийг насанд хүрэгчдийн даралтны эм болон өдөр тутамдаа уудаг витаминууд эзэлж байна.

Сониуч бяцхан үрсээ энэхүү аюулаас хамгаалахын тулд та дараах энгийн хэдэн дадлыг яг одооноос амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Хадгалах алтан дүрэм: “Хүүхдийн нүднээс хол, гарнаас дунд”

Эм бүр өөрийн гэсэн хадгалах заавартай байдаг. Нийтлэг хэрэглэгддэг ихэнх эмийг нарны шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн нөхцөлд, хүүхэд болон тэжээвэр амьтан хүрэхээргүй газар хадгалах ёстой. Хөргөгчинд хадгалах заалттай эмийг ч мөн адил хүүхдийн гар хүрэхгүй тусгай тасалгаа эсвэл хайрцагт хийж заншаарай.

Эмийг зориулалтын дагуу, хүүхдийн гар хүрэхгүй газарт зөв хадгалж хэвших нь хордох эрсдэлийг 60-80% хүртэл бууруулдаг байна.

2. “Чихэр шиг гоё амттай” гэж хэзээ ч битгий хэл

Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол хүүхдэд эм, витамин уулгахдаа “Яг чихэр шиг гоё амттай” гэж хуурах явдал юм. Энэ нь хүүхдийн тархинд “эм бол амттай чихэр” гэсэн буруу ойлголтыг суулгадаг бөгөөд таныг эзгүйд эмийг олж аван, олноор нь идэх хамгийн том шалтгаан болдог.

“Hi Pharmacy” эмийн сангийн эм зүйч нар энэхүү эрдсэлтэй дадлаас яаралтай татгалзахыг эцэг эхчүүдэд уриалж байна. Эмийг хүүхдэд “зөвхөн өвдсөн үед уудаг эм” гэдэг утгаар нь таниулах нь зөв юм.


Эмийн хордлого гэж яг юу вэ?

Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодисыг зохисгүй тунгаар, буруу замаар хэрэглэсэн, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд уулгаснаас болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан эмгэг байдлыг хэлдэг.

Анхаарах: Эмийн хордлогын нийтлэг шинж тэмдгүүд

Хэрэглэсэн эмийн төрлөөс шалтгаалан шинж тэмдгүүд өөр өөр байж болох ч дараах нийтлэг шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай:

  • Дотор муухайрах, тасралтгүй бөөлжих, хэвлийгээр хүчтэй өвдөх
  • Хэл яриа ороо бусгаа болох, орчиндоо хариу үйлдэл үзүүлэхгүй ухаан балартах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал тасалдах
  • Зүрхний хэм алдагдах, судасны даралт огцом ихсэх эсвэл буурах
  • Таталт өгөх, ухаан алдах
  • Арьсны өнгө өөрчлөгдөх (уруул, хурууны үзүүр хөхрөх эсвэл хэт цонхийх)

Санамж: Хүүхэд эм уусан байж болзошгүй тохиолдолд “Зүгээр байх” гэж хүлээлгүйгээр яаралтай тусламжийн 103 дугаарт хандаарай. Хүүхдийн тань эрүүл мэнд таны анхаарал халамж, зөв дадлаас шууд хамаарна.

Эрүүл таны төлөө – Hi Pharmacy эмийн сан 💕

About the Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may also like these